(976)-51-261599
info@bm-service.gov.mn

Танилцуулга

Манай улс зах зээлийн харилцаанд шилжин орж удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоонд шилжсэн үеэс төр, засгийн байгууллагуудын нийтлэг үйлчилгээг мэргэшсэн байгууллага, баг хамт олноор гүйцэтгүүлж, төрийн албан хаагчид нь төрийнхөө ажлыг хийдэг хөгжингүй орнуудын туршлагыг хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Засгийн газрын шийдвэрээр 1996 онд анхны Засгийн газрын байр ашиглалтын захиргааг байгуулж, төрийн үйлчилгээг мэргэшсэн байгууллага, хамт олноор гүйцэтгүүлдэг практикыг нэвтрүүлж эхэлсэн юм. 2009 оны сүүлчээр байруудын захиргаанд бүтцийн өөрчлөлт хийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 182 тоот тушаал, Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын даргын 160 тоот тушаал гарч байруудын захиргааг татан буулгаж, Засгийн газрын байр ашиглалтын нэгдсэн захиргааг байгуулжээ. 

Засгийн газрын 2014 оны 149 дүгээр тогтоолоор “Засгийн газрын байруудын нэгдсэн захиргаа”-г аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон өөрчилсөн.

Улмаар Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 135 дугаар тогтоолоор “Засгийн газрын байруудын ашиглалт, үйлчилгээг боловсронгуй болгон үр ашгийг дээшлүүлж, урсгал зардлыг хэмнэх зорилгоор “Төрийн үйлчилгээ” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, “Засгийн газрын байруудын нэгдсэн захиргаа” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудыг нийлүүлэн “Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулсан.

Манай байгууллага нь үйл ажиллагаандаа Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрмийг мөрдлөг болгон ажиллаж байна. 

Нийтлэг үйлчилгээний газар нь: 

-Захиргаа, хүний нөөц

-Санхүү, бүртгэл

-Барилга, инженер техник 

-Үйлчилгээний гэсэн дөрвөн хэлтэстэй.

Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээг нэгтгэж мэргэшсэн баг хамт олноор үйлчилгээг эрхлүүлэх нь төсөвт зардал хэмнэн, зарим ажил албан тушаалын давхардлыг арилгаж, санхүү, материал хангамжийн үйлчилгээ нэг цэгт төвлөрүүлснээрээ ач холбогдолтой шийдвэр болсон төдийгүй барилга, мужаан, цахилгаан, сантехникийн засвар үйлчилгээ, гэнэтийн аваар ослын ажлыг богино хугацаанд мэргэжлийн өндөр түвшинд хамтын хүчээр хийж гүйцэтгэдэг давуу талтай болсон.

Захиргаа, хүний нөөцийн хэлтэс: Байгууллагын эрхэм зорилго, зорилтыг биелүүлэх үүрэг, чадвартай хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хийх хүрээнд ажилтан, албан хаагчдыг сонгон шалгаруулж ажилд авах, ажлын байранд сургаж дадлагажуулах, ажиллах нөхцөл, боломжийг сайжруулах, тусламж дэмжлэг үзүүлэх, хариуцлага тооцох зэрэг ажлуудыг цогцоор хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус хэлтэс нь байгууллагын үйл ажиллагааны стратеги зорилт, чанарын менежмент, дотоод хяналт, хууль тогтоомж, дүрэм журам, тушаал шийдвэр, төлөвлөгөөний биелэлт, хүний нөөцийн бодлого, архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг тогтмол хугацаанд зохих дүрэм, журмын хүрээнд эрхлэн гүйцэтгэдэг. Нийтлэг үйлчилгээний бодлогыг хэрэгжүүлэхэд, төлөвлөлтийг боловсронгуй болгох, гүйцэтгэлийг хэрэгжүүлэх, удирдлагыг мэдээ мэдээллээр ханган, хууль тогтоомж, гаргасан тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх, ажлын үр дүнг үнэлж, дүгнэх, ажилчдын өргөдөл, хүсэлтийн хүлээн авч, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, шагнаж урамшуулах ажлыг хууль журмын дагуу зохион байгуулан ажиллаж байна.

Санхүү, бүртгэлийн хэлтэс: Засгийн газрын байруудын нийтлэг үйчилгээний газар ТӨААТҮГ-нь санхүүжилт, орлого бүрдүүлэлтийн хувьд аж ахуйн тооцоонд бүрэн шилжиж, өөрөө өөрийгөө санхүүжүүлэн үр ашигтай ажиллах зорилтыг тавин ажилладаг. Үйлдвэрийн газар нь үйл ажиллагааны үр дүнд олсон орлого санхүүжилтийг хууль, журмын дагуу зориулалтаар нь захиран зарцуулах, санхүү, нягтлан бодох бүртгэлийн оновчтой тогтолцоо бүрдүүлэх, балансад бүртгэлтэй төрийн өмчийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалттай холбоотой оновчтой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, шилэн дансны хөтлөлт, худалдан авалтын ажлыг хууль тогтоомжийн дагуу явуулах зэрэг ажлуудыг цогцоор нь хэрэгжүүлэн ажилладаг. Тус хэлтэс нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг мөрдөн, тайлан балансыг цаг тухай бүрд гарган баталгаажуулж, харьяа байруудад хөрөнгө оруулалтаар хийгдэх их засвар, тоног төхөөрөмж шинэчлэх, батлагдсан төсвийн зарцуулалтанд жилийн турш тасралтгүй хяналт тавин ажиллаж байна.

Барилга, инженер техникийн хэлтэс: Барилга, инженер техникийн хэлтэс нь харьяа байруудад хийгдсэн барилгын засвар, мужаан, цахилгаан, сантехник, лифт, агаар сэлгэлтийн ажил үйлчилгээг хэрэглэгчийн сэтгэл ханамжид нийцсэн шуурхай, хүртээмжтэй стандартын шаардлагад нийцсэн үйлчилгээг үзүүлэх зорилго тавин ажиллаж байна. Засгийн газрын II /А,Б,В,Г,Д/, III, IV, VIII, IX “А”, IX “Б”, XI, XII /АМГТГ/, XIII, Соёлын яамны байруудын их засвар болон урсгал засварын ажлыг төлөвлөх, зураг, төсөв, тооцоолол, засварын ажилд хяналт тавьж, гүйцэтгэлийг хянах, инженерийн байгууламж, дулаан усан хангамж, сантехникийн шугам сүлжээ, агаар сэлгэлтийн системийн засвар, цахилгааны тоног төхөрөмж зэргийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж, засвар шинэчлэлтийн ажлыг зохион байгуулдан ажилладаг. Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээг тасралтгүй, баталгаатай хангах чадварлаг мэргэжлийн баг бүрдүүлэн, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэй ажиллаж байна

Үйлчилгээний хэлтэс: Чанарын менежементийн тогтолцоог байгууллагынхаа үйл ажиллагаанд ISO9001:2015 /MNS 9001:2016/ стандартын шаардлагын дагуу нэвтрүүлсэн тул байгууллагын бүхий л үйл ажиллагаа ялангуяа Үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагааг чанар стандартын түвшинд гүйцэтгэх зорилтыг тавин ажилладаг. Үйлчилгээний хэлтэс нь өдөр тутмын үйл ажиллагаандаа “Хөдөлмөрийн тухай хууль”, энэхүү хуулийг хэрэгжүүлэхээр гарсан дүрэм, журам, заавар болон цэвэрлэгээ үйлчилгээний стандартыг мөрдлөг болгон ажиллаж байна. Байгууллагын харьяа 15 байр болон Цөмийн энергийн газрын нийт 16 байрны 65015,1 м.кв талбай бүхий талбайн нийтлэг үйлчилгээг чанар, стандартын түвшинд эрхлэн гүйцэтгэх, соёлч боловсон, найдвартай хүргэх ажлыг зөрчил дутагдалгүй үзүүлэхийг зорьж ажилладаг.

Next Post